Цөмийн хаягдал ба Ж.Батмөнх

Энд хэргээр зориуд оруулж тэмдэглэх нэгэн чухал сэдэв бий. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт францын AREVA гэх компани Монголд цөмийн хаягдал булшлах нь гэсэн хардлага буруутгал Монголд түгээмэл байдаг бол энэ асуудал маань бүр 1980-аад онд Чехословак улсын зүгээс босч ирээд түүнийг нь Ж.Батмөнх таслан зогсоосон баримт байна.

 

Энэ тухай тэр үед Прагад эх орноо төлөөлөн сууж байсан Элчин сайд Ж.Дулмаа дурсаж байна.  “Чехословакийн талын санал болгосон өөр нэг зүйл гэвэл” гэж байгаад тэрээр ийн бичжээ.

  • Монголын говь дундуур  өнгөрдөг төмөр замын ойролцоо 15 ам дөрвөлжин километр газрыг гаргаад өгчих. Тэнд атомын цахилгаан станцын хог хаягдлыг оршуулах газар байгуулж болох юм.
  • Одоо дэлхийд атомын эрчим хүчний хог хаягдлыг гадаад далайн ёроолд нууцаар хаях буюу Африкийн зарим орны цөлд оршуулж элдэв хэл ам таталдаг болоод байна.
  • Хэрэв Монголын говьд дээрхи хэмжээний газар гаргавал тэнд нэлээд хэмжээний хог хаягдал булшлах бөгөөд энэ ажлыг байгаль орчинд хор хөнөөлгүйгээр олон улсын хэмжээнд тогтсон дэг, жаяг, стандартын хэмжээнд зохион байгуулж болох юм.
  • Хэрэв дээрхи хэмжээний талбай гаргаад хог хаягдлыг булшилбал үүний төлбөрт жилд 1 тэрбум доллар монголын талд орж ирж байх жишээтэй гэнэ1.  


Элчин сайд Ж.Дулмаа энэ саналыг өвөртөлсөөр 1989 оны сүүлчээр Улаанбаатарт МАХН-ын Төв Хорооны ээлжит бүгд хуралд ирэхдээ Ж.Батмөнхөд уламжилжээ. Харин юу гэж хариу өгсөн бэ?

  • Нөгөө нэг атомын хог хаягдлыг Монголд булшилна гэдэг асуудлыг Ж.Батмөнх дарга сонсохыг ч хүсэхгүй байсан бөгөөд ийм асуудал тавьж Монгол орон, ард түмний өмнө лай ланчиг хурааж нүгэл үйлдэхээ боль гэж шууд хэлсэн юмдаг.
  • Ер нь Ж.Батмөнх даргад ямар нэгэн асуудал тавихад хариуг нь тэр даруйд нь хэлдэггүй, аливаа зүйлд их л болгоомжтой ханддаг хүн байсан.
  • Харин атомын хог хаягдлыг Монголд булшлах гэсэн гадаадын хүмүүсийн дээрхи саналд шууд эрс тэс хатуу хариу өгсөн билээ. Би ч энэ асуудлыг хэзээ ч хэнд ч дахин хөндөж тавиагүй, үүгээр цэг тавьсан юм2.


Чех нөхөд энэ асуудлыг  санал болгон тавихдаа олон талаас нь судалсан байж таарна. Лав Чехословакийн өөрийнх нь станцын хог хаягдал биш болов уу. Атомын эрчим хүч өндөр хөгжсөн Европын хөгжингүй орнуудын хаягдлыг булшлах бэлээхэн сул талбай нь Монголын говь, тэр дундаа төмөр замаар хүргэчих боломжтой Дорноговь аймгийн хязгааргүй говь тал хэмээн чех, словак нөхдийн судалгаанд туссан байх. Бас ЭЗХТЗ-ийн хүрээний асуудал болгоод найрамдал, нөхөрлөлөөр далайлгаад өлхөн бүтчих ажил хэмээн тооцоолсон, Монгол нь ядуу буурай тул тэрхүү жил бүр орж ирэх тэрбум ам.долларт нь хөл алдчихна гэсэн гэнэн төсөөлөл ч байсан биз ээ. Харин тиймгүй ээ, хэнд ч ашиглуулахгүй, ЭЗХТЗ-өөр мундагдуулаад нэмэргүй ээ гэсэн тов тодорхой хариултыг Ж.Батмөнх өгсөн нь тэр байв.

                                                                                                                                                        
[1] Жамсрангийн Дулмаа. Ажил амьдралын зам минь, УБ, 2014, 158 дахь талд
[1] Мөн тэр ном, 159 дэх талд

 

“Түүхэн эрхэмүүдийн цадиг” цувралын хүрээнд
НЭПКО хэвлэлийн газраас хэвлэн гаргасан
“Жамбын Батмөнх” номын нэмж засварласан
гурав дахь хэвлэлийн эхээс

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай