Хэрүүлчийн удам /хошин өгүүллэг/

Гурван настай бага охин маань гадаа тоглож явсанаа дэргэдэх модны мөчир дээр суух болмжморыг харсанаа түүнтэй том хүн шиг ярьж гарлаа. Хаврын дулаахан өдөр том өрөөний цонхоо цэлийтэл дэлгэсэн болохоор охины яриа надад чихэвч зүүсэн юм шиг тодхон сонсогдоно.

-Муу гуйрамч аа, муухай санаатай хулганы зулзагаа... Чи яагаад далавчтай болчихсон юм бэ? Чи шувуу биш. Чи бол хулганы хүүхэд. Чамайг би аавдаа хэлнэ. Аав чамайг ялааны алуураар цохино... Гоё доо гоё. Чамайг уйлахаар чинь чиний далавч байхгүй болно. Чи нисэж чадахгүй ... Муу нисдэг хулгана аа... Нисэхийг чинь үзнэ дээ... Хүүхдүүд чам руу чулуу шиднэ дээ... Хүүхдүүд ээ, хүүхдүүд ээ энэ бол болжмор биш. Муу санаатай хулгана...

Эхийгээ дууриагаад энэ охин болохоо больж байгаа юм байна даа. Эрхээрээ хатсан тультраа хэлт чамайг эртхэн дарж авахгүй бол эмээ шигээ яггүй хэрүүлч болох нь ээ гэж би түүний “ирээдүй”-д нүүр улайв.

Ээжийнх нь тухайд хэлэх юм байхгүй. Хэрүүлч хүмүүст тамирчид шиг цол өгдөг бол спортын мастер болчихсон яваа. Түүний эх гэж дал гарсан эмгэн бол гавъяат тамирчны болзлыг хэдийн хангасан туршлагатай хэрүүлч хүн. Олимпод ийм төрөл байдаггүй болохоор одоохондоо энгэр цоолоогүй яваа юм. Эмээ, ээж, охин гурав “хорших” юм бол овоо дориун дуурийн сафрон хоолойтой “найрал хоор” болж мэдэхээр “авъяастай”.

Авъяас гэснээс хүмүүс яагаад эцэг эхийнхээ сайныг дууриахгүй, мууг дууриадаг юм бол?... Миний жонглёр тоглодог авъяасыг энэ гэрт дууриасан хүн нэг ч байхгүй. Арван настай хүү маань жонглер тоглох битгий хэл аягатай хоолоо барьж чадхгүй асгаж цутгаад, нөгөө гурван хэрүүлчийн цөсийг хөөргөдөг. Хадам ээж “ Гар нь салгалсан хогийг аягатай хоолоо асгаж цутгахгүй аятайхан идэж чадахгүй байна уу? “ гээд эхэлнэ. Араас нь угсруулаад эхнэр “ Буянаа барсан амьтныг хар даа. Бүр нэг заяа нь хаячихсан дүүрчихсэн өгөр толгой шүү” гээд залгуулна. Бяцхан охин түүнийг өлгөж аваад “ Муухай ах муухай ах... Хоолоо асгадаг балиар ах ” гэж түймрийн галд цучил нэмнэ.

Би бол гурван лаазтай шар айргыг агаарт эргэлдүүлэн жонглёрдох зуураа амы нь онгойлгоод ээлжилж сороод ууж дуусгадаг авъяастай. Хүү шигээ аягатай хоолоо асгалаа гэхэд газар унахаас өмнө агаарт савхдаад жонглёрдоод ам руугаа хийчихнэ шүү. Тэгэхэд хүүгийн байж байгааг хар. Миний хүний өөдөөс үг хэлж чаддаггүй “муу зан”-г л дууриажээ. “Үг-олдох оо чи амандаа ус балгачихсан юм уу? Энэ хүүхэддээ ганц үг хэлээч” гэж эхнэр шордоно. Гурвын гурван “шуламс”-ад загнуулаад бараг л шалны завсраар орохоос наагуур болсон амьтныг би дээрээс нь зэмлээд бүр байхгүй болгоно биз дээ.

“Хэлээч хэлээч. Наад салгадаа ганц үг хэлээч” гээд нөгөө гурав барьж идэх нь ээ. Орой болсон тул оршин суугчдын  амгалан тайван байдлыг бодоод би хүүдээ үг хэллээ. “Хүү минь чи даанч яав даа? Хулгана хүртэл олсон талхны өөдсөө үйрмэг ч унагаахгүй далдруулаад байхад...” гэж хэлтэл эмгэн хэрүүлчйн “дүлий” чих сонсчихжээ. Хулганад хэн талхны өөдөс өгсөн бэ гэдэг асуудал гарч ирэв.

Хадам ээж шүдгүй буйлаа харуулан,

-Талхыг яаж хийдэг вэ? гэж яриагаа эхэллээ.

-Талх хийхийн тулд хавар газар хагална. Хагалсан газраа үр суулгана. Намар нь тариагаа хурааж аваад ангилан ялгаж, үтрэмд хадгална. Хадгалсан тариагаа гурилын үйлдвэрт өгч гурил болгоно. Түүний дараа талхны үйлдвэрт гурилаар талх хийнэ. Хийсэн талхаа дэлгүүрт өгч худалдана. Худалдаж авсан талхаа гэртээ авчирж, зүсэж иднэ. Эхнээсээ аваад эцсийн бүтээгдэхүүн болж, хоолойгоор орж, хоол боловсруулах эрхтний дамжлагыг дуусгаж, хошногоор гаран гартлаа хүний хөдөлмөр хөлс нэвт шингэнэ. Хүний хөдөлмөрийг юугаар үнэлдэг вэ? Мөнгөөр үнэлнэ. Газар хагалсан ч мөнгө. Арчилж ургуулсан ч мөнгө. Талх жигнээд дэлгүүрт явуулсан ч мөнгө. Бид бас мөнгөөр талхыг худалдаж авна. Талхны мөнгөө олох гэж ажил хийнэ. Өглөөнөөс орой болтол аав чинь өвлийн хүйтэнд гараа хөлдтөл тоосго өрж, ээж чинь хөлөө тасартал жавартай зооринд мах тоолно. Гэтэл хүний хөдөлмөрөөр бүтсэн талх гэдэг энэ зүйлийг идэж, гамтай идэж хэрэглэхийн оронд хатааж хаяад, хулганы “хоол” болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ?... Төрд тэрсэлсэн гэмт хэрэгтэн гэдэг шиг гэр бүлдээ дайсагнасан хортой явуулга. Хэн тэр талхыг хаяж хулгана “хооллосон” байх вэ? гээд хараа муутай цийлгэр нүдээрээ гэр доторхийг тойруулан харлаа. Эхнэр ээжийнхээ араас ээлжит “дайралт”-аа хийлээ. Хадуураад явчихгүй бол ямар ч байсан гэр бүлээ хамгаалах ёстой хүний нэг.

-Хулгана талх үйрүүлэхгүй идэхийг харсан хүн л үүнийг мэдэж байгаа. Бүр идээд дуустал нь харсан байгаа юм даа. Яагаад тэр харсан хүн түүнийг үргээсэнгүй вэ? Яагаад түүнд тайван гэгчийн талх идэж дуустал идэх бололцоо олгов? Яагаад тэр хүн гутлаа тайлаад шидэж болсонгүй вэ? Яагаад энэхүү гэмт үйлдлийг таслан зогсоосонгүй вэ? Юунд тэр хүн түүнтэй эвсэж хуйвалдав. Тэр хүнд энэ гэр орны эдийн засаг, гэр бүлийн хувь заяа огт хамаагүй хэрэг үү? Гэрээ бүлээ л хайрлаж хамгаалах ёстой байтал яагаад гэр оронд сүйтгэл учруулж байгаа мэрэгч амьтныг хайрлах болсон бэ? Үнэхээр хулганад хайртай юм бол тэр хулганатайгаа хамт нүхэнд нь амьдарч болно биз дээ. Гал зууханд байгаа хулганы нүхийг бөглөөд өг гэж би бишгүй гуйсан. Тэгтэл цоорсон өрөөсөн оймсоороо бөглөчихсөн байсан. Хулганы хөеө бэлтгэж өгч байхаар өвөл болж байхад цонх хаалгаа дулаалж болохгүй гэжүү? Яагаад дөчин хэмийн хүйтэн өвөл шиг хүн хүнээ хайрлахгүй болчихсон  вэ? Хүнийг хүн хайрладаг ёстой атал яагаад хулгана оготно хайрлана вэ?... Хулгана хайрладаг хүмүүстэй бид яагаад нэг гэрт амьдарна вэ?... Амьдрал бол хамгаалж, хямгадахадаа байдаг болохоос бус асгаж цутгаж, хаяж үрэгдүүлэхэдээ байдаггүй юм. Амьдралаа хайрлахын тулд муур шиг тэмцэх ёстой. Муур шиг хулганатай үзэлцэж байж амьдралд бид ялна. Муур шиг амьдралаа хайрлаж, амьдралаа хамгаалж явсаны эцэст тэр гэр бүл аз жаргалтай байх болно гэж эхнэрийг арайхийн ярьж дуустал нөгөө гурван настай балчир хэрүүлч сандал дээр гарч зогсчихоод санал бодлоо айлдлаа.

-Хулгана муухай тийм ээ ээж ээ. Хулгана байшингийн хана цоолдог. Ширээн доогуур тавьсан шуудай гурил цоолж иддэг. Эмээг өрөөндөө орчихоор гарч ирээд намайг айлгадаг. Хулгана чинь ёстой муухай байхгүй юү. Аавын гутал дотор ороод нуугдаж тоглодог. Аавын гутал гэр нь болдог. Аав надтай айл гэр болж тоглодоггүй. Бас ах надтай нуугдаж тоглодоггүй. Хулгана муухай. Ах муухай. Аав бас муухай... Ээж гоё. Эмээ гоё. Яагаад гэвэл хулганад дургүй... гэж охиныг хэлэхэд би тэссэнгүй “Дуугай тат муурны эрх зулзага минь” гээд ам алдаж орхисон нь хэрүүлийн шинэ сэдэв боллоо. Хадам ээж,

-Хүргэн минь, нялх амьтны дууг хорьж цагдаж болдоггүй юм. Хүн болох багаасаа гэдэг. Хүүхэдтэйгээ зөв харьцаж сур. Муурын эрх зулзага гэж гоочлоод энэ хүүхэд эвдэрнэ үү гэхээс эвэндээ орохгүй. Гэрийн хүмүүжлээс хүүхдийн ирээдүй шалтгаална. Өнөөдөр чи хүүхдээ ингэж хэлж байгаа юм чинь маргааш бол шуламсын зулзага гэж хэлэхээ тоохгүй. Тэгээд ч энэ чинь охин хүүхэд. Есөн улаан мэнгэтэй хүүхэд. Муу юмнаас амархан бузартана. Чи дуугүй байж байгаад нэг дуугарахаараа хамаг болдоггүй үгийг хэлэх юм. Ийм үг сонссон хүүхэд ямар хүн болж өсөж торних вэ? Зан суртахууны доройтолд орж, тэр чигээрээ хүний үг сонсдоггүй, буруу хүмүүжил төлөвшвөл чи яах вэ? Чи нүдэн балай чихэн дүлий явлаа гэж бодоход төрүүлсэн эх нь яаж зовж шаналах вэ? гээд ам нь цангасан бололтой аягатай цайгаа руугаа дөхөд эхнэр миний ээлж ирлээ гэх шиг хуруугаа годгонуулан,

-Үг-Олдох оо, ээжийн хэлж байгаа үнэн шүү. Чамд хадам ээж чинь л хэлж байгаа болохоос ийм үгийг чамд үнэн сэтгэлээсээ хэлэх хүн олдохгүй. Муурын эрх зулзага гэж яаж чи тэгж охин үрдээ хэлж чадна вэ? Миний эцэг ингэж хэлэх нь байтугай золиг гэж ч хэлж үзээгүй. Өвөө минь ч надад ганц үг ган хийдэггүй байсан. Тэгэхэд чи төрсөн үрээ муурын зулзага болгоод нүдий нь ухаад сууж байх гэж дээ.... Охин минь муурын зулзага юм бол би хэн бэ? Миний ээж хэн бэ? Миний эмэг эх хэн бэ? Элэнц хулгана маань барын төрөл байсан гэжүү? Бага л доромжлоорой. Бүр байхадаа үр хүүхэд, удам судраар нь доромжлох нь оо чи. Чам шиг нэг хэлгүй юм шиг хүний өөдөөс дуу нь гардаггүй юм манайхныг доромжлох болоогүй шүү. Чи нээрээ хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болж яваарай. Чиний ах дүү баян тарган нь тэндээ л байдаг юм байгаа биз. Манай ах дүү ядуу буурай явлаа гээд чамаас хулганад өгдөг талхны булан гуйгаагүй. Ер нь том эгчийг дуудаж ирээд чамтай улаан нүүрээрээ ярилцъя. Чи яасан хүнийг муур олгож доромжилдог их үгтэй амьтан бэ? гээд утсаа гаргаж ирэхэд нь би дахиж ийм үг хэлэхгүй гэж ам тангараг тавьж байгаад болиуллаа.

Хэрэв тэр эгч нь ирвэл гэр дүүрэн “хэрүүл” болохыг би сайн мэднэ. Ер нь эднийхэн удмаараа хэрүүлч гэдгийг аймаг улс явсан хүмүүс ярьдаг. Охиныг би “Муухай аав” гэж хэлэхээс нь өмнө хүүгээ дагуулан зочдын өрөө рүү орлоо. Тэр гурав гал зуухандаа хэрүүлээ ярьж байхад хүү бид хоёр том өрөөндөө чөлөөтэй байдаг. Зурагтаа асаалаа. Биллярдын тэмцээн үзэх гэтэл хүү хөлбөмбөг үзнэ гэж зөрлөө. Би байлдаантай кино үзье гэхэд тэр хүүхэлдэйн кино үзнэ гэж дургүйцэв.

-Аав аа юун сүртэй юм бэ? Хүүхэлдэйн кинон дээрээ тавьчих л даа

-Харин чи юу гэж сүр бадруулаад байгаа юм бэ? Чамаас болж би дандаа хэрүүлийн “хайруулын таваг” болж байх юм. Хоол ундаа асгалгүй идэж сураач чи.

-Аав та өөрөө л хулганад талх “өгч” балайраа биз дээ?

-Юу гэнэ ээ чи? Миний өөдөөс цор цор гэдэг болоо юу?

-Үнэн хэлсэн хүнд хүн өстэй. Үхэр унасан хүнд нохой өстэй гэж...

-Юу гэнэ ээ чи? Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж чи мэдэх үү? Яасан цэцэн цэлмэг үгтэй юм бэ чи?

-Цэцэн үг нь цээжиндээ, цэцэг навч нь ууландаа...

-Аа муу хувхай, аавынхаа өөдөөс арслан шиг архирах нь ээ...

-Аав аа та юун олон үгтэй юм бэ? Та тийм хэрүүлч юм бол эмээ, ээж, дүү гуравтай гал зууханд очиж хэрэлдээч. Намайг дандаа дээрэлхэж байх юм.

-Харин ч би чамд үг хэлж үзээгүй шүү. Чамайг аврах гэж ам нь өтсөн юмнуудад дандаа боорлуулж байдаг. Арай ч дээ чи надтай ингэж харьцах гэж дээ... Чи чинь миний хүү биз дээ? Цэцэгнээс төрж, навчнаас дэлбээлээгүй биз дээ? Уснаас гарч, ургамлаас унаагүй биз дээ? Удам дамжсан яншаа хэрүүлч нараас хамгаалахын оронд уушги зүрх амаар гартал уур хүргэж байдаг. Яачихсан хүний үр гэж ийм ухаанд нь ухна үхэж, ууланд нь чоно гөлөглөчихсөн байдаг юм бэ?... Чи бид хоёр бие биенээ хайрлахгүй бол өөр хэн энэ гэрт чи бид хоёрыг хайрлах вэ?...

Ард бяцхан охин минь ирчихсэн цамцнаас минь татахад би сэхээ авч эргэж харахад хадам ээж, эхнэр хоёр хаалган дээр амаа ангайлчихсан харж зогслоо. Балчир охин маань миний нурууг булбарай гараараа илэн, “Аав аа, агаа битгий хэрэлдээч ээ... Би та хоёрт хайртай. Нээрээ хайртай” гэж эрхлэн хэлэх сонсогдов. Хүү бид хоёр анх удаагаа үг сөрсөн нь энэ. Нөгөө хоёр ч эд амаа нэг нээх юм бол аягүй бол дйилдэхгүй юм гэж бодсон бололтой ангайн зогсоно.

Бусад энэ ангилалд орсон: Л.Өлзийтөгс: Аквариум /өгүүллэг/ »

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай