Насан туршийн боловсрол гэж юу вэ?

Насан туршийн боловсрол нь албан (formal) боловсролоос эхлээд албан бус (non-formal) болон амьдрах орчноос суралцах  (in-formal) боловсролыг хамарсан насан туршдаа суралцах үйл явц гэж ойлгож болно.  

Насан туршийн боловсролын үзэл санаа бол суралцагч-нийгмийн амин сүнс бөгөөд хувь хүн бүр насан туршдаа суралцах явдал юм. Насан туршийн бус байдаг боловсролын салбар гэж огт байдаггүй. Өөрөөр хэлбэл насан туршийн боловсрол бол хэн нэгний бий болгосон эсвэл аль нэг тогтолцоог нь илүүтэй дэмжих боловсролын систем биш юм.  

Өнөөгийн шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдарч байгаа иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн албан сургалтаар эзэмших бололцоо багасч, иргэд хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшдэг байх зайлшгүй шаардлага тавигдаж байна.Манай улс анх 1991 оны Боловсролын тухай хуулинд иргэн боловсролыг албан бус замаар эзэмшиж болох тухай зааснаар дээрх хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж болохыг тодорхойлсон бөгөөд насан туршийн боловсролын үндэс суурь тавигджээ.

Насан туршийн боловсрол нь бичиг үсгийн болон гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, урлаг гоо зүйн боловсрол, амьдрах ухааны боловсрол зэргийг хамарсан өргөн агуулгатай байх бөгөөд тэргүүлэх чиглэл нь тухайн улс орны онцлог, хэрэгцээнээс хамаарч байна.    

Монгол улсын Засгийн газар "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг баталсан буюу 1997 оноос албан бус боловсролын тогтолцоо бий болж, 2012 оноос шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд уг тогтолцоог насан туршийн боловсролын тогтолцоо болгон өргөжүүлэн хөгжүүлж байна.  

Үйл ажиллагааны тогтолцоо, бүтэц
 
Өнөөдөр манай улсад дор зурагт үзүүлсэн бүтэц, тогтолцоогоор Албан бус-насан туршийн боловсролын 359 төв, нэгж дүүрэг, сум бүрт үйл ажиллагаагаа явуулж байна.    

Насан туршийн боловсролын үндсэн чиглэл

Насан туршийн боловсролын үндсэн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь дараах агуулгын 5 үндсэн чиглэлийг иргэдэд эзэмшүүлэх сургалт-үйл ажиллагааны товлосон зорилтуудаар тодорхойлогдоно. Үүнд:

1.      Гэр бүлийн боловсрол
Агуулгын хүрээ: Хүн бүр гэр бүлээ төлөвлөх, үр хүүхдийнхээ бие бялдар, сэтгэц, оюун санааг эрүүл энх байлгаж, эрсдэлгүйгээр хөгжүүлэн өсгөх таатай орчин бүрдүүлэх, гэр бүлийн тулгамдсан асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, удмын сангаа цэвэр байлгах, төрөл садан, нийгмийн өмнө хүлээсэн гэр бүлийн гишүүнийхээ үүргийг биелүүлэхэд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.  

2.      Иргэний боловсрол
Агуулгын хүрээ: Хүн бүр үндэсний уламжлалт болон иргэний нийгмийн үнэт зүйлийн тэнцвэртэйгээр хослуулан эзэмших, улмаар оюун санаа, гэр бүл, нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр оролцох, экологи, эдийн засаг, улс төр, эрх зүйн хүрээнд бие дааж болон бусадтай хамтран аж төрөхөд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.  

3.      Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол
Агуулгын хүрээ: Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга чанарыг танин мэдэж, аж төрөхүйн зорилгоо зөв тодорхойлох, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийн тулд авьяас чадвараа нээн хөгжүүлэх, мэргэжлээ сонгох, эрүүл мэнд, харилцаа, ёс суртахууны хувьд төлөвших, буруу зуршилд автахгүй байх, нийгэмд эзлэх байр сууриа баттай олоход шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.  

4.      Гоо зүй-мэдрэмжийн боловсрол
Агуулгын хүрээ: Хүн бүр байгаль, нийгмийн зүй зохист хамаарал, түгээмэл гоо сайхныг танин мэдэж, энэхүү төсөөлөл, мэдрэмжээ хүн-байгаль, хүн-нийгмийн харилцаанд бодитойгоор тусган хэрэгжүүлэх, аливаа урлагийн бүтээлээр дамжуулан хүний оршихуйн үнэ цэн, сайхныг түгээн дэлгэрүүлэх, хүртэн мэдрэх чадвар эзэмшихэд чиглэнэ.  

5.      Амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх товлосон зорилт
Агуулгын хүрээ: Хүн бүр амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаа, авьяас чадвараа хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, шинээр ерөнхий болон бичиг үсэг, мэргэжлийн боловсрол эзэмших, санхүүгийн нөхцлөө сайжруулах зорилгоор сургалт, өдөр тутмын үйл ажиллагааны олон арга хэлбэрийг ашиглах чадвар эзэмшихэд чиглэнэ.  

Батлагдсан эрх зүйн баримт бичгүүд  
-        Боловсролын тухай хууль
-        Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
-        Зайны сургалтын үндэсний хөтөлбөр
-        Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр
-        Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтын хөтөлбөр
-        Холимог бүлгийн (дүрслэх урлаг, математик, монгол хэл, хүн байгаль-эрүүл мэнд) сургалтын хөтөлбөр
-        Албан бус боловсролын амьдрах ухааны сургалтын хөтөлбөр
-        Албан бус боловсролын эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр
-        Албан бус болон насанд хүрэгчдийн боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр
-        Албан бус боловсролын сургалтын төлөвлөгөө
-        Албан бус боловсролын "Гэгээрэл" төвийн үлгэрчилсэн дүрэм
-        АББ-ын "Гэгээрэл" төвийн захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт
-        АББ-ын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт
-        АББ-ын багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл
-        АББ-ын "Гэгээрэл" төвийн захирлын ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл

Онцлох мэдээлэл

И-мэйл бүртгэл

Манай сайтын болон номын тухай шинэ шинэлэг мэдээлэл байнга авахыг хүсвэл И-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Холбоо барих

  • homeTaniinom.mn
  • phone+976 11 9800-6009 (9:00 - 20:00)
  • mailtaniinom@yahoo.com
  • mapБГД 3,4-р хороолол

Биднийг дагаарай